Гадаад мэдээ
100 жилийн түүхтэй "Гранд Конде" ягаан алмазыг дахин дэлгэн үзүүлж эхэллээ

Үнэт эрдэнийн чулууг 1926 оны аравдугаар сард Шантийи шилтгээнээс хулгайлж байжээ. Тухайн үед хулгайчид уг алмазыг дотор талыг нь ухаж хөндийлсөн алим дотор нуун дарагдуулсан байв. Гэвч тэдний байрлаж байсан зочид буудлын үйлчлэгч санамсаргүй байдлаар уг алимыг авч хазах үедээ дотроос нь "Гранд Конде" алмазыг олж илрүүлснээр энэхүү шуугиант хэрэг задарч, эрдэнэсийг эх зайд нь буцаан авчирч байсан түүхтэй. “Гранд Конде” нь Францын их хувьсгалаас хойш бүрэн эхээрээ хадгалагдан үлдсэн хааны цөөхөн хэдэн үнэт эрдэнэсийн нэг юм. Уг алмаз яг хаанаас олдсон нь одоог хүртэл нууцлаг хэвээр байгаа бөгөөд хамгийн анх 1740 онд Конде ван Луи Анри де Бурбоны эд хөрөнгийн бүртгэлд тэмдэглэгдэн үлджээ.
- Хожим нь Францын хаан Луи-Филипп I-ийн гэр бүлийн цуглуулгад багтаж, улмаар Францын хүрээлэнд өвлөгдөн ирсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр алмазын баялаг түүхээс гадна 1926 оны хулгайн хэрэгтэй холбоотой өмнө нь нийтэд дэлгэгдэж байгаагүй архивын ховор баримтуудыг дэлгэн үзүүлж байна. Мөн уг чулууг бусад ижил төрлийн эрдэнийн чулуунаас хэрхэн ялган таних боломжийг олгосон нарийвчилсан эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг анх удаа танилцуулж байгаа юм. Байгалийн гаралтай ягаан өнгийн алмаз нь дэлхий дээр маш ховор байдаг тул олон улсын дуудлага худалдаагаар хэдэн арван сая ам.долларт хүрдэг байна. Тухайбал энэхүү ховор нандин чанараараа 2017 онд нэгэн ягаан алмаз олон улсын дуудлага худалдаагаар 71.2 сая ам.доллароор зарагдаж дээд амжилт тогтоож байжээ.
Эх сурвалж: BBC
Энэ мэдээнд reaction үлдээх

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү