Гадаад мэдээ
Хойд Солонгос, Хятадыг холбосон гүүр 12 жилийн дараа ашиглалтад орлоо

Уг байгууламж нь 1937–1943 онд Японы эзэнт гүрний түрэмгийллийн үеэр баригдсан түүхэн "Хятад, Солонгосын найрамдлын гүүр"-ийг орлох орчин үеийн шинэ гарц болж байна.
Анх 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч БНАСАУ-ын талаас зам болон гаалийн байгууламжийн барилгаа зогсоож, улс төрийн харилцаа хөндийрсний улмаас төсөл тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм.
Харилцаа идэвхжиж буйг илтгэх алхам
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин уг гүүрийг хоёр орны харилцаа холбоо, худалдаа болон иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх чухал бүтээн байгуулалт гэдгийг онцоллоо.
Сөүлийн Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Лейф-Эрик Исли "Ялу мөрний гүүр нээгдсэн нь хоёр улсын харилцаа сайжирч байгааг, мөн Ши Жиньпиний зургадугаар сарын айлчлал зөвхөн бэлгэдлийн шинжтэй байгаагүйг харуулж байна" хэмээн дүгнэжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа ба болгоомжлол
Хятад бол цөмийн хөтөлбөрөөсөө үүдэн олон улсын хатуу хоригт орсон Хойд Солонгосын хамгийн том худалдааны түнш юм. Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 2.7 тэрбум ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очсон үзүүлэлт боловч дийлэнх хувийг Хятадаас хийсэн экспорт бүрдүүлж байна.
Гэсэн хэдий ч НҮБ-ын хориг хүчин төгөлдөр хэвээр байгаа тул хилийн худалдаа богино хугацаанд огцом өсөх магадлал багатайг шинжээчид хэлж байна.
Хятад судлаач профессор Кан Жүн Ёны тайлбарласнаар, Пёньян Хятадын бараа бүтээгдэхүүн гэнэт их хэмжээгээр орж ирснээр дотоодын зах зээлд нь Бээжингийн нөлөө хэт нэмэгдэхээс болгоомжилж байгаа тул талууд худалдааг аажмаар өсгөх чиглэл баримталж буй аж.
Дашрамд дурдахад, өнгөрсөн сард Хойд Солонгос, Орос хоёр мөн анхны авто замын гүүрээ нээсэн бөгөөд уг гарцаар өдөрт 300 хүртэлх автомашин, 2000 гаруй хүн зорчих боломжтой байна.
Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү