Гадаад мэдээ
В.Зеленский: Дональд Трампад хууртагдсан юм шиг санагдаж байна

Тэрбээр өөрийн "Х" (твиттер) хуудсаараа дамжуулан "Энэ бол бидний эх орон, бидний амьдрал, бидний орон гэр, бидний хүүхдүүд… Тийм учраас л Трамп аль нэг талыг сонгочихоор гунигтай байна. Хэрвээ та тэг дунд нь зогсож байгаа бол тэндээ л байх хэрэгтэй. Буруу талд нь лав биш. ОХУ Трампыг сул дорой байгаасай гэж хүсэж байгаа" хэмээн жиргэжээ. Д.Трамп ирэх завсрын сонгуулийн өмнө дотоодын эрчим хүчний үнийг бууруулах зорилгоор ОХУ-аас дизель түлш худалдан авах гэрээ байгуулсан нь Европын холбоотнуудынх нь зүгээс шүүмжлэл, бухимдлыг дагуулаад байгаа юм.
Үүний дараа Трамп Орос, Украины хооронд эрчим хүчний гал зогсоох хэлэлцээр байгуулагдсан гэж мэдэгдсэн ч талууд үүнийг баталгаажуулаагүй бөгөөд мэдэгдлээс хэдхэн цагийн дараа ОХУ-ын хүчин Украинд цохилт өгчээ. Түүнчлэн Украин алсын тусгалтай цохилтоор Оросын эрчим хүчний байгууламжуудыг онилохоо зогсоохгүй бол АНУ тагнуулын мэдээлэл хуваалцахаа түр зогсоож, Европын орнуудын зэвсэг худалдан авах боломжийг хязгаарлаж магадгүй гэж Трамп анхааруулсан байна.
Мөн Оросын баллистик пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэх систем ажиллаагүйд Украины тал асуулт тавихад АНУ-ын албаныхан үүнийг цаг агаарын нөхцөлтэй холбон тайлбарласан бөгөөд дараа өдрүүдэд мэдээлэл хуваалцах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн ч Украины тал үүнийг үгүйсгэж байгаа юм.
Дээрх асуудлаас гадна Элон Маскын "Starlink" системийн цэргийн зориулалттай "Starshield" үйлчилгээ Украинд хязгаарлалттай ажиллаж эхэлсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Оросын арми энэ саатлыг ашиглан шөнийн турш хүчтэй довтолгоо явуулж байгааг В.Зеленский мэдэгдээд, үйлчилгээгээ дахин идэвхжүүлэхийг хүссэн байна. Харин Элон Маскын хувьд "Starshield" систем АНУ-ын Засгийн газрын эзэмшилд байдаг тул ашиглалт, хурдтай холбоотой аливаа шийдвэрийг АНУ-ын арми болон Ерөнхийлөгч биечлэн шийддэг хэмээн хариулжээ.
Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү