Дотоод мэдээ
"Солонго-1, 2" хорооллын 2042 айлын орон сууцны бүртгэл, сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан зохион байгуулна

Тус яамны сайд Э.Бат-Амгалан "Бүртгэл, сонгон шалгаруулалтыг аравдугаар сардаа багтааж явуулахаар холбогдох газруудад үүрэг даалгавар өгөн ажиллаж байна. Журамд өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд орон сууцны гадна талын гэрэлтүүлэг, асфалтан замын ажлуудыг энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөсөн" хэмээн мэдээллээ. Засгийн газраас түрээслэх, түрээслээд өмчлөх болон хамтын өмчлөлийн хэлбэр гэх мэт нэг стандартад баригдахгүйгээр зорилтот бүлгийн иргэдийн орлогод нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн гаргахаар судалгаа хийж байна. Мөн олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй нэг квадрат метрийн үнийг эцэслэн тогтоогүй бөгөөд Засгийн газрын түвшинд судалж, үнийг бууруулах боломжтойг салбарын сайд онцоллоо. Түүнчлэн цахим орчинд "Солонго-1, 2" орон сууцанд бүртгэж өгнө, дэмжинэ гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн залилангийн шинжтэй үйлдлээс хол байхыг сэрэмжлүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтыг хэзээ, ямар хэлбэрээр явуулах болон мкв-ийн үнийн талаарх албан ёсны мэдээллийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас аравдугаар сардаа багтаан олон нийтэд мэдээлэх юм байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү