Дотоод мэдээ
Монгол орны ойрхог чанар 8.71 хувьд хүрэв

Үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.4 сая орчим мод тарьж ургуулаад байна. Үүний үр дүнд манай орны ойрхог чанар 7.9 хувиас 8.71 хувь болж өссөн нь байгаль орчин, цөлжилтийн эсрэг авч буй томоохон ахиц болов. Энэ онд улсын хэмжээнд нийт 50 сая мод тарихаар төлөвлөснөөс:
- Хаврын тарилтаар: 16.2 сая мод
- Намрын тарилтаар: 19.0 сая мод
- Нийт: 35.2 сая мод тариад байна.
Ингэснээр 2026 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт 70.4 хувьтай үргэлжилж байна.

Мод тарихаас гадна арчилгаа, хамгаалалт болон хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч байна. Өнөөдрийн байдлаар:
- Мод үржүүлэг: Улсын хэмжээнд 1,267–1,780 га талбайд мод үржүүлгийн газрууд үйл ажиллагаа явуулж, 57 зүйлийн 113.8 сая тарьц, суулгац, 21.6 тонн үрийн нөөц бүрдүүлжээ.
- Мэргэжилтэй ажилтнууд: Ойн салбарын 1,264 инженер, 6,354 ойжуулагч, техникчийг бэлтгэн, салбарын чадавхыг үе шаттайгаар ахиулж байна.

Суулгац суулгахаас гадна түймэрт өртсөн болон доройтсон ойн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг эрчимжүүлж байна. Мод тарих, арчлах, хамгаалах цогц арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон иргэдийн оролцоог идэвхтэй нэмэгдүүлж байгаа юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарихаас гадна цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах, ногоон хөгжлийн суурийг бүрдүүлж ирээдүй хойч үедээ ногоон өв үлдээх үндэсний хэмжээний бодит ажил болон хэрэгжиж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү